Tuesday, December 28, 2010

Монголыг Монголоор нь дэлхийд таниулсан эрдэмтэн


                                   


Нэгэн насанд багтахааргүй  ихийг бүтээсэн буурал эрдэмтэндээ монголчууд хайртай. Нэрнээс нь цаашхийг мэдэхгүй энгийн нэгэн ч Б.Ринчен гэдэг нэрийг хүндэтгэн хэлдэг. Шавь нь байгаагүй ч номыг нь биширсэн хэн ч түүнийг Ри багш гэж дотносон  дууддаг.  Хүн бүрээр зүгээр л хайрлуулж, хүндэтгүүлнэ гэдэг  их хувь тавилан. Тэр тавиланг хэрийн хүн оюунаараа зурдаггүй. Эр чадал, хүч бяраараа ард түмнийхээ бахархал болсон баатруудын түүх олон байдаг. Харин эрдэм билиг, оюун ухаанаараа улсаа, цаашлаад дэлхийг бөхийлгөсөн ухаантны түүх хуруу дарам. Баатрууд  бүхний нүдэн дээр ил тэмцэж, ил омогшиж, ил ялж, ил ялагддаг. Харин эрдэм билигтнүүдийн хувьд арай өөр. Тэд чимээгүйхэн туурвиж, анир гүм амьдардаг. Хэтийдсэн их оюуны  бяр, ухааны цараатай нь олонд хүлээн зөвшөөрөгдөж, ном дагасан, номонд дуртай, ухааныг дээдэлдэг дийлэнх хэсэг нь цаг үедээ амьдраад чимээгүй буцдаг хатуу хууль төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Олны хүндэтгэлийг хүлээсэн тэр цөөхөн билигтнүүдийн нэг бол Монголын Б.Ринчен. Энэ эрхэм хүн хэл шинжлэлч, ардын билиг судлаач, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, шүүмжлэгч, угсаатан зүйч, бөө судлаач... байсан.  Кубын зохиолч Грегорио Ортего “ Аливааг өргөн цараатай харж заншсан, ер бусын гэрэл нүдэнд нь байнга гэрэлтэх энэ хүн тэнгэрийн хаяаг харж нүүх суухаа шинждэг эртний нүүдэлч ард түмнийхээ амьд лавлах юм гээч...” хэмээн шагшсан нь жирийн нэг магтаал байгаагүй.  Монголыг судалж, нүүдэлчдийн давтагдашгүй өнгөтэй түүх, соёлын  бүтээлүүдийг нь дэлхийн тавцанд гаргаж тавьсан эрдэмтэн, судлаачдаас Б.Ринчен  нэг л зүйлээрээ онцгой байв. Тэр нүүдэлчдийн үр сад гэдгээрээ илүү гүн рүү нь орж, угаас нь гаргаж ирж соёлоо дэлхийд таниулсан. Үүгээрээ  түүний эрдмийн ажил, уран бүтээл   үнэ цэнэтэй.  

“Folklore Mongol”

Монгол судлаачид түүнийг хүндэтгэдэг. Хүндэтгэхээс аргагүй ихийг хийсэн учир энэ эрхэм хүний нэр өнөөдөр ч монгол судлалд тод мөртэй.  Тэр амьдралынхаа багагүй хэсгийг монгол  угсаатны соёлын өвийг цуглуулж дэлхийд таниулахад зориулсан. Энэ талаас нь авч үзвэл  тэр алдартай угсаатан зүйч. Түүний Монголын зан үйлийн аман зохиолын дээжийг багтаасан 5 цуврал “Folklore Mongol” нэрээр Германд хэвлэгдэж байжээ. Энэ ном өнөөдөр ч монгол судлаачдын ширээний ном. Тухайн үед “Folklore Mongol” цувралыг Английн профессор Бауден “Монгол судлалын салбарт сүүлийн үед чухал гэж онцлохоор олон бүтээл хэвлэгдсэн. Гэхдээ тэдгээр бүтээлийн дотроос хамгийн сонирхол татсан нь Ринченгийнх” хэмээн дуу алдаж байж. Монгол тууль эртний Грекийн “Иллиада”, “Одиссей”, Францын “Роландын тууль”-тай эн зэрэгцэхээр гэдгийг энэ ботиороо харуулсан байдаг. Тэр “Монгол туулийн үг маш баялаг, утга зориг бадрангуй,  зохиолын хувьд хэмжээ далайцаараа бичгийн зохиолтой адилтгавал роман шиг том зохиолын хэлбэр”  хэмээн дүгнэсэн нь бий.  

Уламжлалт шүтлэг,  шашин, соёлоосоо “айгаагүй” билигтэн

Далд  ертөнцийг энэ орчлонтой холбодог Монголын бөөг дэлхий сонирхдог.  Бас судалдаг. Хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэгийн нэг бөөг судлах үндсийг ШУА-ийн жинхэнэ гишүүн Б.Ринчен  тавьсан байдаг. 1920-иод оноос хойш 50 гаруй жилийн турш цуглуулсан  үнэт өвийнх нь багагүй хэсгийг бөө судлалд хамаарах материал эзэлж байж. Монголын бөө судлалд холбогдохыг нь гурван ботиор Германы “Asiatische forschungen” цувралын  3, 8, 40 дүгээрт монгол хэлээр хэвлүүлсэн нь өнөө ч үнэ цэнтэй судлагдахуун хэвээр байна. Сэхээтнүүд нь хуучныхаа өв соёлын талаар ам ангайхаас ч  айдаг байсан  тийм цаг үе Монголын түүхэнд бий. Социализм дэлхийн цөөнгүй улсад хүчирхэг байсан тэр үеийг зарим хүмүүс “төмөр хөшиг” татагдсан үе гэж  тодотгодог.
Бөө, цам, сүм хийд гэж чанга дуугарч болохгүй, эрдэмтэд нь уламжлалт шашин соёлоосоо “айдаг” байсан   тэр үед Ринчен В.Формантай хамтарсан “Шарын шашны багт бүжиг. Монгол дахь эрлэгийн цам” /Lamaistisch tanzmasken. Der Erlik –tsam in der Mongolei/  бүтээлдээ хэрийн хүн зориглохооргүй алхам хийсэн байдаг. Тэр энэ бүтээлдээ ар Монгол дахь хуучин сүм, хийдийн байдал, цамын түүх, эрлэг хааны цамын багууд, цамд бэлтгэх, цамын ёсны талаар тодорхой тайлбарлаж, холбогдох зураг сэлтийг хавсаргасан юм. Монголын шашны түүхэнд шууд холбогдолтой нэлээд зүйлийг судалгааны эргэлтэд оруулж, дэлхийд таниулж байсныг нь  төр засаг тийм ч таатай хүлээн авч дэмжиж байсангүй. Үргэлж л өөлж, хавчиж  байсан нь түүний намтраас тодорхой уншигддаг. Тэрдундаа амьдралынх нь сүүлийн жилүүдэд энэ хандлага бүр ч хүчтэй байсан гэдэг.  Гэхдээ цаг цагийн ухаантнууд энэ хэрийн эсэргүүцэлд толгой бөхийж, өвдөг нугардаггүй. Буурал эрдэмтэн тэр жамаар чимээгүйхэн гуниж, нам гүмхэн бүтээлээ туурвиж, өөрийн түүхтэй, соёлтой Монголыг давтагдашгүй, гайхамшигтайгаар нь дэлхийд харуулж, зөв гэсэн замаараа алхсан. Үнэхээр ч тэр алхам нь зөв байсныг монгол судлалын өнөөдөр харуулж байгаа билээ.  Нэгэн эрдэмтэн түүнийг “Монголын судлалын олон салбарыг дэлхийд тогтолцоотой хөгжүүлж дэлгэрүүлэхэд онцгой зүтгэл гаргасан” гэж дүгнэсэн нь бий. Монгол ардын утга соёл, зан заншилтай холбоотой, олон орны эрдэмтдийн хувьд учир битүүлэг байсан цөөнгүй  асуудлыг тодорхой баримтад тулгуурлаж шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж өгсөн хүнд энэ дайны үнэлгээ багадана уу гэхээс ихдэхгүй мэт санагдана. 

Дорнын нэвтэрхий толь

Хязгаарын яамны тал бичээчээр ажиллаж байсан Б.Ринчен хүүг 1921 оны ардын хувьсгалыг эхлүүлэгч Д.Сүхбаатар жанжин Хүрээг чөлөөлөхөөр мордохынхоо өмнө дуудан уулзаж байж. Жанжин түүнээс “ямар мэргэжлийн сургууль хийх вэ” гэж асуухад хүү “Эмч болмоор байна “ хэмээн хариулсан гэдэг. Харин Сүхбаатар “Бидэнд эмч хэрэгтэй гэвэл Зөвлөлт Орос улс хэдийг л бол хэдийг ирүүлнэ. Бидэнд өөрийн эрдэмтэн хэрэгтэй. Чи хэл, бичгийн сайн сургуульд явбал дээр” хэмээн захисан нь түүний амьдралын эхлэл болжээ. Ленинградын Дорно дахины хэлний салбарт   суралцаж байхад нь Монголын талаас эрдэм шинжилгээний ажилтан бэлдэж өгөх хүсэлтийг Зөвлөлтөд тавьсан аж. Ийнхүү 18 оюутнаас 4 хүн шилэгдсэний нэг нь Ринчен байв. Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиа зүйн лабораторид Хэл бичгийн хүрээлэнгийн хичээлээс гадуур алдартай 9 академичээр удирдуулан 3 жил тусгай лекц заалгажээ. Монголч, академич Владимирцов, энэтхэг судлалч,   академич Ольденбург, төвдөч академич Щербатской,  дорно дахины түүхч, академич Бартольд, түрэг хэлний профессор, академич Юдахин, авиа зүйч, академич Щерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр, монголч, академич Козин, нангиадач,   академич Алексеев нар түүний багш. Салбартаа толгой академичдаар хичээл заалгах нэг хэрэг. Заалгасан хичээлээ судалгаандаа ашиглаж, цаг мөнхийн бүтээл үлдээх огт өөр хэрэг. Тэр цаг мөнхөд чансаагаа үл алдах бүтээлийг монголчуудад, хүн  төрөлхтөнд үлдээж чадсан билээ.  Энэ утгаараа тэр яах аргагүй “Дорнын нэвтэрхий толь”. 

Хэлээ “өмгөөлж” Н.Хрущевт захидал  илгээв

Б.Ринченгийн “Монгол бичгийн хэлний зүй” гэсэн дөрвөн боть бүтээл гарахааас өмнө дэлхийн судлаачид Монгол хэлийг энэтхэг, төвд, европ хэлний загвараар судалж байжээ. Харин Унгарт докторын зэрэг хамгаалсан энэ бүтээлийг нь академич Л.Лигети, Шебеньтян, Ирөөн нар “Монгол хэлийг монгол хэлнийх нь онцлогт тулгуурлаж, монгол хэл шинжлэлийн түүхнээ монгол хэлний судлалын шинэ үеийг нээсэн анхны бүтээл” хэмээн дуу нэгтэй үнэлсэн байдаг. Энэ бүтээлийн 3 дахь боть болох “Монгол хэлний хэлбэр судлал” хэвлэгдсэн ч шатаагдсан гунигтай түүх бий.  Тухайн үед үзэг нэгт эрдэмтэд нь хүртэл түүний эсрэг дуугарч байв. Шүүмжилж, өөлж, тэр хэрээрээ гавъяа шагнал хүртэж байсан гэдэг. Тэдгээр эрдэмтдийн дунд өдгөө олны хүндэтгэлийг хүлээсэн нэртэй эрдэмтэд хүртэл байсан гэж учир мэдэх улс ярьдаг. Цагийн салхийг ухаантнууд ч сөрөхөд бэрх үе бий. Тэр үед толгой бөхийгөөгүй, хэлэх дуртай үг шигээ “үхсэн ч үнэнчээр яв”-снаараа Б.Ринчен гэдэг нэр  Монгол мэргэдийн түүхэнд өөрийнхөөрөө гялалзах содон шигтгээ болж чадсан юм.
Монголын ШУА-ийн жинхэнэ гишүүн энэ эрдэмтэн  монгол хэл, бичигтээ хайртай, монгол хэл, бичгээ харийн нөлөөлөлд оруулахгүйг хичээж явсан. Уйгуржин  бичгийг криллээр сольсны дараа тэр   Н.Хрушев, Мао Зэ Дун нарт захидал бичиж байжээ. Хүчирхэг гүрний нөлөөнд хэлээ алдчих вий гэх болгоомжлол, хэлгүй бол Монгол оршихгүй гэсэн эмзэглэл буурал эрдэмтнийг үзэг, цаас нийлүүлэхэд хүргэсэн хэрэг. ЗХУ-ын үед Украйнаас Чукча хүртэл 100 гаруй үндэстэн хэл, соёлоо гээсэн гэдэг. БНХАУ-ын харъяанд байдаг Өвөр монголчууд өнөөдөр өөртөө засах орон болж, хэл бичг, соёлоо алдаагүй нь Ринченгийн захидлаас ч улбаатай байж мэднэ. Их эрдэмтэн Мао Зэ Дунд өвөр монголчуудын хэл, соёлыг битгий алдуулаарай гэсэн утгатай захиадал бичиж байсан гэдэг.    Их эрдэмтэн ингэж холыг харж байж. Хэлний тусгаар тогтнол бол соёлын тусгаар тогтнолын суурь дэвсгэр, улс тусгаар оршихуйн цор ганц үнэн гэдгийг мэдэрч, тэмцсэн эрдэмтэн бол Ринчен.  Тэр,
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн өв их эрдэнэ
Сонсох бүр яруу тансагийг гайхан биширч
Сод их билигт түмэн юугаа магтан биширмү би хэмээн шүлэглэж, эх хэлээ хамгаалж, хэл шинжлэлийн салбарт өөрийн гэх тод мөрөө үлдээж чадсан. Профессор Б.Ринчен Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн Анхдугаар Их хурлыг 1959 онд санаачлан зохион байгуулж байв. Олон зуун, бүр хэдэн  мянганаар үнэлэгдэх бичиг, соёлын нандин өв, түүхийн буурал жимээ бусдын нөлөөнд бүдгэрүүлж, бусдынх болгочих вий хэмээн далдхан шаналж явжээ. “Аав Хүн улсаа хүнд алдчихгүй юмсан гэж санаа зовдог байж билээ” хэмээн их эрдэтмний хүү, академич  Р.Барсболд дурсч байсан. Хүннү гүрний 2200 жилийн түүхт ой дараа удахгүй  тохионо.  Энэ ойн үеэр Монгол улс Хүннү бидний өвөг гэж чанга дуугарах байх аа.  Мянганаар тоологдох төрт ёсны түүхтэй улс дэлхийд хэд билээ. Тэр их түүхийг өөрийн гэж авч үлдэх их ухаантан хэчнээн билээ...

Дуун хөрвүүлэгч, орчуулгын онолч, зохиолч 

    Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд цаазын ял сонсч шоронд таван жил хоригдсон  түүнийг орос хэлний төгс мэдлэг нь  аварч байж. Большевик намын түүхийг оросоос орчуулах шаардлагаар “эсэргүү эрдэмтэн”-г   цаазаар аваагүй гэдэг.  Түүнийг 17 хэлтэй байсан гэж судлаачид үздэг. Англи, франц, герман, орос, чех, эртний слав, латин, мажар, эсперанто, манж , түрэг, төвд, хятад... зэрэг хэлнүүдийг  төгс  эзэмшсэн эрдэмтэн байж. Ринчен шоронд байхдаа франц хэл сурчээ. Өрнийн соёлт гүрний хэлийг сурсан түүх их сонин.  Том ган савтай  ялгадас дамжлан явах үед нь  шоронгийн хашаан доторх зуухны дэргэд шатаахаар овоолсон “эсэргүү” номон дотор нэлээд зузаан нэг ном нүдэнд нь тусчээ. Тэр номыг ухасхийн авч үзтэл франц хэлний сурах бичиг байж. Дагаж явсан хуяг нь номоо тавь гэж зандрахад “Бие зассаны дараа хэрэглэх цаас олдохгүй юм. Энийг хэрэглэе” хэмээн гуйж байж тэр номыг авсан гэдэг. Ингэж тэр шоронд байхдаа франц хэл эзэмшиж байжээ. Түүний монгол судлалаар гадаадад хэвлүүлсэн бүтээлийн дийлэх нь франц хэл дээр байсан гэж шавь Ц.Шагдарсүрэн нь дурссан нь бий. Тэр шавь нартаа  англи, франц, орос, герман хэлийг заавал сурах ёстой гэж захидаг байж.  Дундад зуунд Европ дахины номын хэл болж байсан латин хэл, төв Азид эрт үед хэрэглэгдэж байсан энэтхэг европын овог хэлний өвөг болсон самгарди хэлийг үзэхгүй бол яавч болохгүй гэж өвгөн эрдэмтэн боддог байжээ. Тэр хэлийг насан туршдаа сурсан. Бурхан болохынхоо өмнө бие нь муу байхдаа эртний латин, хятад хэлийг үзсээр байж. 
Б.Ринчин Монголын алдартай орчуулагчдын нэг. Бас орчуулгын нэртэй  онолч. Гоголийн “Тарас Бульба”,  М.Шолоховын “Хүний хувь заяа”, Х.К.Андерсоны “Үлгэрүүд”,  Калидасын “Үүлэн зардас” зэрэг сонгодогуудыг эх хэлнээ нүдэнд бууж, сэтгэлд ургатал  хөрвүүлсэн байдаг. Тэр дундаа алдарт “Үүлэн зардас”-ын орчуулгыг  сонгодог  болсон гэж судлаачид  онцолдог.  Ринчен 20 гаруй орны 70-аад зохиолчийн 240 орчим нэр төрлийн бүтээлийг орос, англи, франц, польш, чех, мажар зэрэг хэлнээс орчуулж байжээ. Харамсалтай түүний орчуулсан Ж.Лондоны “Нууцын эзэн”, Жюль Верний “Газрын холд аялсан нь”, Жон Ридийн Ертөнцийг дэнсэлгэн хөдөлгөсөн арван хоног”,  А.С.Пушкиний “Авсчин”, В.Шекспирийн “Отелло”,  “Макбет”  зэрэг сонгодогуудыг хэвлэх эрхийг тухайн үед нь өгөөгүй. Орчуулсан эхийг нь  ч ор сураггүй алга болгож байжээ. Хэрвээ ингэж хориогүй бол Ринчений Пушкин, Шекспир монгол уншигчдын сэтгэлийн утсыг хэрхэн хөндөх байсан бол.... Яагаад ч юм харамслын өнгөтэй ийм олон асуултыг түүний намтрыг судалж, ойр дотныхонтой нь ярилцаж байхдаа өөртөө  тавьсан.
Тэр “Өөрийн бичсэн зүйлээ өөр хэлээр бодоод үзэхэд засмаар санагддаг. Өөрөөр хэлээр харахад тодотгогч шилээр харсантай адил байдаг” хэмээн хэлдэг байж. Хэлийг өөрийн болгож төгс эзэмшиж чадсаныг   батлахаар үгийг шавь нар нь  багшийгаа дурсахдаа хэлэх дуртай. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржтой А.С.Пушкины ганц нэг шүлэг, туужийг орчуулан ноороглож эхтэй нь тулган, санал бодлоо солилцож явсан жаахан залуу Монголын нэртэй дуун хөрвүүлэгч, орчуулгын  шүүмжлэгч болж чадсан билээ. Тэр орчуулагчаас гадна Монголын нэртэй зохиолчдын нэг. Монголын уран зохиолчдын анхны бүлгэмийн гишүүнээр элсч байсан энэ эрхэм хүний “Цогт тайж”, “Ану хатан”, “Заан Залуудай” зэрэг түүхэн бүтээлүүд нь Монголын уран зохиолын шилдэг бүтээлийн тоонд багтдаг юм. 

Хэн ч эзлэхээргүй орчлыг бүтээсэн ухаантан

  Монголын их эрдэмтэн 77 насандаа таалал төгссөн. Насандаа баймгүй ихийг хийсэн түүнийг бие барахад гашуудлын мэдээ тавих сонин олдохгүй байж. Түүний шавь Ц.Шагдарсүрэн ”Багшийг нас барсны дараа  “Утга зохиол урлаг” сонинд хэл ам болж байж гашуудлын мэдээ тавиулсан юм. Тэр мэдээг одоо эргээд бодож байхад дээд сургууль төгсөөгүй, .... цагаач маягаар Монголд ирсэн... гэх зэрэг ойлголт авахаар байдаг. Үүнийг тэр үед нэг бус хүн нууцхан ярьдаг байсан шүү” хэмээн дурсчээ.  Эх орных нь сонин хэвлэл их эрдэмтнийхээ таалал төгссөн  гашуудлын мэдээг ийм өнгөтэй нийтэлж байхад АНУ-ын нэгэн хэвлэлд “Монголын Солженицын нас барлаа” хэмээн гашуудан мэдээлж, Английн монголч эрдэмтэн Ч.Бауден “Ринчен бэрх хатуу цагт аж төрсөн. Түүний бүхий л амьдрал баатарлаг үйлс байсан юм. Ардынхаа соёл, уламжлалд сэтгэл зүрхнээсээ хайртай, дахиад хэзээ ч төрөхөөргүй эрдэм, чадал нь хэтийдсэн хүн. Ийм хүн байсан нь өдгөөгийн монголчуудын хувьд эрхэм аз түшсэн хэрэг. Бид түүнд асар их өртэй үлдсэн улс шүү дээ” хэмээн гуниглан дурсаж байлаа.  Польшийн монголч эрдэмтэн С.Шинкевич “Тэр хаана ч явсан Монголын соёлын элч болж байдагсан. Түүний гойд сайхан  чанар нь Ж.Неругийн анд нөхөр болгосон юм. Энэтхэгийн төдийгүй бусад улс орны зүйл зүйлийн соёлын хөрсөнд соёолон ургасан сод хүмүүсийн оюун ухааныг үнэлж чаддаг байсан энэ их хүн Монголын Ринченг хүндэтгэдэг байсан. Профессор уулзаж учрах бүрийд ухаалаг мэргэн зөвлөгөө, марган сэнхрүүлэх чадвараараа аргагүй бишрүүлж, хэнд ч ялагдашгүй, хэзээ ч үхэшгүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Польшийн их анд, сод хүмүүн нас нөгчжээ”  хэмээн гашуудаж байж. Бүр хожим 1990 онд Польшийн Алтай судлаач Э.Трыярски “...Тал талын гүнзгий мэдлэгтэй, нөр хичээнгүй зүтгэлтэн, эрдэмтэн Ринченг наснаас нөгчихөд нь дэлхийн шинжлэх ухаан гүнээ эмгэнэн гашуудсан. 1977 онд онгойн үлдсэн түүний суудал өнөөдөр ч эзэнгүй хэвээр байна” гэсэн нь бий.   Ринчен гэдэг эрдэмтэнтэй байсандаа Монгол азтай, хүн төрөлхтний анхны иргэншил болох нүүдэлчдийн соёлыг  цагийн өнгөнд хувиргалгүй түгээж чадсан ийм ухаантантайдаа  дэлхий азтай, тэр их хүнийг амьдад нь үнэлээгүй цагийн өнгө гунигтай. Орон зайг нь хэн ч эзэлж чадахааргүй орчлыг бүтээж чадсан ухаантан энэ дэлхийд хэд билээ. Талын Монголын үе үеийн их ухаантнуудын үргэлжлэл болсон их эрдэмтнийхээ өлмийд мөргөм үү.

No comments:

Post a Comment