Tuesday, December 28, 2010

Ер бусын хүн



 Түүх ихэмсэг. Бас хатуу. Хэдэн мянга, хэдэн сая, өчнөөн тэрбум хүн тоосонд нь дарагддаг учраас түүх хэтэрхий ихэмсэг, тэдний хэн байсныг ор тас  мартаж чаддаг учраас бас дэндүү хатуу. Хэрийн хүн  түүхэнд мөнхөрч үлддэггүй. Түүхэнд нэр нь үлдсэн хүмүүсийн бүлэгт улс улсын  удирдагчид зайлшгүй ордог. Удирдагч удирдагчдаа хүчтэй хувь хүн байж, тэр шинжээрээ ялгарч чадсан эрхмүүд илүү тод гялалздаг. Жижиг улсын удирдагчдын хувьд  түүхийн шалгуурт тэр бүр тэнцээд байдаггүй. Хүчтэй хувь хүн байж чадсан цөөхөн хүний хувьд бол өөр л дөө. Тэдний нэр цаг үе бүрд дурсагддаг. Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд П.Гэндэн түүхэнд нэр нь мөнхөрсөн хүмүүсийн тоонд бардам багтдаг.  Сталинтай ам зөрж, гар хүрээд авсан удирдагч түүхэнд ганц л бий. Тэр нь Монголын П.Гэндэн. Хувь хүний зан чанар гэдэг утгаар түүний  алхмыг дүгнэж болохгүй.  Их гүрний сүүдэрт дарагдахгүйг хичээсэн жижиг улсын удирдагчийн улстөрийн эр зориг, улсаа гэх сэтгэл нь Сталинтай эв хагарах шалтгаан болсон гэж дүгнэвэл үнэнд илүү ойртоно.  
  
Сталин, П.Гэндэн хоёр

1935 оны 12 дугаар сарын 31-ний үдэш. Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд  Монгол, ЗСБНХУ-ын удирдагчид оройн зоог барьж байв. Шинэ жилийн энэ орой  БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн,  О.Дашчирэв нар ЗХУКН-ын Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь элчин сайдынхаа яаманд урьсан нь энэ. /ЗХУКН-ын Улстөрийн товчоо гадны улсын элчин сайдын яаманд хэзээ ч бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж байгаагүй гэж түүхчид онцолдог/ Холбоот улсын талаас И.Сталин, В.И, Молотов, К.Е.Ворошилов, Монголын зүгээс Ерөнхий сайд П.Гэндэн, Р.Мэнд, О.Дашчирав тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Сталин ”Монголчууд Японыг эсэргүүцэж байгаа. Гэхдээ та нар ийм унтаа байж болохгүй. Та бүхний эсэргүүцэл сул байгаа шүү. Хүчтэй эсэргүүцэж, зоригтой тэмцэж чадах тийм Монголын төлөө” хэмээгээд хундагаа өргөв. Энэ агшинд П.Гэндэн “Ура” гэж хашгирлаа. Сталинд энэ хашгиралт таатай санагдаагүй бололтой. “Ура хашгирах амархан. Та нар ажил хэргээрээ улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах ёстой” гэж ихэмсэглэв. П.Гэндэн үүний дараа Молотов, Ворошилов, Г.Я.Сокольников... сүүлд нь монгол гаралтай Ж.З.Элиавагийн төлөө хундага өргөлөө.
 Бүхнийг харцаараа бүртгэж суусан Сталин мушийснаа “Чингисийн жанжин Зэв Гүржээр дайрах үед үлдсэн Элиава гэсэн овог өнөөдөр Элиавдун болсон. Гэндээн, чи Чингис хаан болохыг хүсч байх шиг. Тэр бол Чингисийн гөлөг” хэмээн эвгүй өнгөөр дуугарав. Хариуд нь Монголын Ерөнхий сайд “Гүржийн  Сталин Орос улсын хаан болсон байхад Монгол Гэндэн  Монголын хаан байж яагаад болохгүй гэж” хэмээн үг зөрөхөд Сталин Гэндэнгийн хөл рүү өшиглөөд авав. Монголын Ерөнхий сайд ч зүгээр суусангүй зөрүүлээд шанаадав. Энэ эгшинд  Зөвлөлт гүрний удирдагчийн  гаанс шалан дээр  унаж хугарлаа.
Энэ яриа, уг үйл явдлын талаар тов тодорхой үг өгүүлбэрийг архиваас олохгүй.  Зарим түүхчид ийм яриа өрнөсөн гэдэг ч нөгөө хэсэг нь  арай өөр хувилбар хэлдэг.  Монголын бүрэн эрхт төлөөлөгчийн байранд болсон оройн зоогийн дараа Оросын талаас Монголын төлөөлөгчдөд кино үзүүлэх үеэр Гэндэн байгаагүй гэдэг. Энэ үеэр  Сталин П.Гэндэнтэй тусгайлан зоог барихдаа “Чи яагаад лам нараа байлгаад байгаа юм бэ,  сүм хийдээ устгахгүй байгаа чинь гайхал төрүүлж байна. Чи шар Монголын хаан болох гээ юу” гэхэд Гэндэн “Чи гүрж хэрнээ Оросын хаан болчихоод байхад, би монгол хүн мөртлөө Монголынхоо хаан байж яагаад болохгүй гэж” сөргөсөн ч гэлцдэг. Ямартай ч домог мэт яригдсаар ирсэн энэ үйл явдал бол бодит үнэн. Тухайн үед Орост элчин сайд байсан Самбуугийн эхнэр Дэнсмаа түүхч Ичинноровт энэ талаар дурсч байжээ. Тухайн үеийн эрдэмтэн Бархасын Банзрагч гуай ч хэлдэг байж. Юутай ч хүрээллийнх нь бүх хүн цаашлаад дэлхий  Сталинаас айдаг, болгоомжилдог  байсан тэр үед Азийн жижигхэн Монголын Ерөнхий сайдын “этгээд авирлал” түүхийн содон агшин болж үлдсэн юм.   
Д.Гэндэн Сталинтай дөрвөн удаа уулзаж, хэд хэдэн удаа бичиг захидлаар харилцаж байжээ.  1926-1936 онд Сталин болон Зөвлөлтийн бусад удирдагчидтай хийсэн түүний уулзалт яриа ширүүн, маргалдаан, мэтгэлцээнтэй байсан нь түүхийн баримтаас ил харагддаг. Тэр 1935 онд “Монгол улсын цаашдын хариуцлагыг Сталин хүлээх ёстой. Учир нь Монгол Улс Сталины гарын үсэгтэй захидлыг баримталж яваа. Тиймээс Монгол Улсын энэ зам зөв бол Сталины зөв, буруу бол Сталин хариуцлагыг нь үүрэх ёстой” хэмээн улстөрийн үзэл бодлоо илэрхийлж байв. Тэр зүгээр л Сталинтай маргалдаж суусангүй. Алхсан алхам, хэлсэн үгээрээ Сталины бодлогоос бурууг нь шүүмжилж, Монгол гэдэг улсыг Монголоор нь үлдээх бодлогыг бүгдийн дээр тавьж байв.
 ОХУ-ын түүхийн ухааны доктор, “Монголын үндэсний удирдагч Пэлжидийн Гэндэн. Намтрын зураас” номын зохиогч Сергей Рошин “Тэр хурц зантай, ер бусын хүн. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, гадаад бодлого, улс орны хөгжүүлэх бүх асуудлаар тодорхой байр суурьтай. Үнэхээр ер бусын хүн байсан.  Тэр үед Монгол Улсын гадаад бодлого ЗХУ-ын бодлогод тулгуурлаж байсан нь тодорхой.  ЗХУ-тай хамтрах нь   Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдгийг сайн ойлгож байсан. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлаарх түүний байр суурь Зөвлөлтийн байр суурьтай тэр бүр давхцаж байгаагүй тул Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдлагатай санал ноцтой зөрөлдөж байсан юм. Тэр үеийн Монголын намын удирдлагатай ч мөн зөрчилдөж байсан” гэж  дүгнэсэн нь бий. 

Цаг түүхийн чимээгүй гуниг

1920-1980-аад он хүртэлх Монголын түүхэнд нэгэн чимээгүй гуниг нуугддаг. Тэр дундаа 1920-1960 онд жижиг улсын зовлон гэж нэрлэж болохоор үйл явдлууд хөшигний ард өрнөсөн байдаг. П.Гэндэн энэ л үед улстөрийн тавцанд хөл тавьсан түшээ. Манжийн ноёрхол, Хятадын  эзэрхийллээс арайхийн салсан Монголын хувьд харилцаж, түшиж байсан улс нь тэр үеийн Зөвлөлт Орос улс байлаа. Социализмыг сонгосон Зөвлөлтийн хувьд Монголыг өөр замаар алхуулах сонирхол байсангүй. Яг энэ сэжмээс өөрөөр сэтгэж, өөрөөр амьдрах түвшний хүмүүсийг өөрсдөөр нь хомроглон цааш харуулах далд бодлогын учиг хөвөрч эхлэв. Шашны томоохон зүтгэлтнүүд, шийдвэр гаргах төвшний оюунлаг хүмүүс социализмын хэт туйлширсан хандлагыг  дуун дээр нь уухайлсангүй. Сталин гаргасан шийдвэр бүхэнд нь алга таших  дуулгавартай, “толгойгүй” Монголыг  хүсч байлаа.  
 Зөвлөлтийн удирдагч Монголын эрх баригчдаас  лам нараа алж, сүм хийдээ устгахыг удаа дараа шаардаж байсан энэ үед Гэндэн төрийн алба хашиж байв.  Х.Чойбалсангаас өмнөх Ерөнхий сайдууд их гүрний энэ шахалтаас зайлсхийж байсан, П.Гэндэн ч тэдний нэг байлаа. Ингэснийхээ төлөөсөнд Монголын удирдлагууд  амиа өгч байсан гашуун агшнуудыг өнгөрсөн түүхээс уншиж болно. Сталинтай ам зөрж, тусгаар тогтнолоо илүүд үзсэн  П.Гэндэнг Москвагаас дуудлаа.  Биеийг нь эмчлүүлж амрааж сувилуулах нэрээр Крымийн өмнөд эрэгт байдаг Форос тосгонд “хорив”. Энэ тосгонд 1989 онд Орост төрийн эргэлт гаргах зорилгоор М.Горбачевыг 72 цаг хорьж байсан юм. Амралт, сувилал нэртэй гэрийн хорионд байсан П.Гэндэнг эцэст нь долдугаар сарын 11-ны Наадмын баярын өдөр баривчилж хэдэн сар байцаасны дараа 1937 оны 11 дүгээр сарын 26-нд  цаазалжээ. Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр 9 дэх ерөнхий сайдыг нь хилсээр цаазалсан явдал жижиг улсад сануулга өгсөн их гүрний гашуун егөө  байв. 
Тэр 1924 онд Улсын бага хурлын дарга, 1932—1936 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байлаа. Мөн МАХН-ыг нэг хэсэг удирдаж байв.1962 онд нэр төрийг цагаатгасан ч 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хорьж байв. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан юм. Түүнээс хойш 37 жилийн дараа буюу  1993 онд түүний охин Цэрэндулам амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ. Энэ музейг өнөөдөр Цэрэндулам гуайн хүү, Гэндэнгийн зээ хүү С.Бэхбат удирдаж байна. 

“Иргэн бүр баяжигтун” буюу тэрслүү сайд

Эхэндээ тэр социализм байгуулах ажилд  оролцож, “зүүнтэн” гэгдэж явсан ч сүүлдээ үзэл бодол нь өөрчлөгдсөн байдаг. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ө.Бадрах 1930 оны 9 дүгээр сард Б.Шмеральтай уулзахдаа “ Феодалаас хураасан хөрөнгийг улсын санд авах гэтэл Гэндэн ядуу ардуудад хөрөнгө болгож өгөх гэж санал зөрөлдөөд байна. Лам нарын эсрэг тэмцэх зорилтыг бас цаг нь болоогүй гэж хойш тавиад байна” гэж  аминчлан хэлж байжээ.
Зүүний нугалаа буюу социализмын хэт туйлширсан хандлагыг  шүүмжлэн буруутгаж байсан хүний нэг бол П.Гэндэн. Түүний толгойлсон  Засгийн газар “Баяжигтун” гэсэн лоозун дэвшүүллээ.  Тэрээр ийм лоозун гаргах болсон шалтгаанаа намын 9 дүгээр хурал дээр “Ард түмний хувийн нүүдлийн мал аж ахуйг аль хүрдэг тоонд тултал хэмжээ хязгааргүй баяжуулахын тулд энэ лоозунг гаргасан. Энэ лоозүн бол эдийн засгийн үндэс болох нүүдлийн мал аж ахуйг өсгөн хөгжүүлж ард түмний аж амьдралыг сайжруулж батлуулахыг зорьсон бөгөөд энэ нь манай шинэ маягийн баячуудын ардчилсан хувьсгалт улстөрийг эдийн засгийн талаар бататгах явдлын гол үндэс мөн болой” гэж тайлбарласан байдаг. Тэр энэ уриаг төрийн бодлого болгож чадсан удирдагч. Эдийн засгийн эрх чөлөөтэй байж гэмээ нь  бусдаас хараат,тусгаар улс болж чадна гэдгийг тэр ойлгож байлаа.
  Ес дэх Ерөнхий сайд албан журмаар байгуулсан хамтрал коммуныг тарааж, хувийн аж ахуй, худалдаа эрхлэхийг зөвшөөрч, мал аж ахуйн татварыг хөнгөвчлөх шийдвэрийг гаргав. Тэр энэ цагийн энд хүрсэн ухаалаг бодлогоо ингэж эхлүүлсэн юм.
Түүнийг  Засгийн газар толгойлж байх үед буюу 1934 оны 12 дугаар сард ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Стомоняковын гарын үсэгтэй өр цагаатгасан тухай албан бичиг ирж байжээ. Өр цагаатгах хүсэлтийг ес дэх Ерөнхий сайд тавьж байж. Аж үйлдвэрийн комбинат болон бас бус худалдааны 29,5 сая төгрөгийн өр тухайн үедээ их мөнгө байлаа. 
Баяртай, “шинэ эргэлт”
Гэвч түүний санаачилсан “шинэ эргэлт” тийм ч удаан үргэлжилсэнгүй. Судлаачид энэ үеийг үндэсний ардчилсан үзлийг сэргээн мандуулсан эрин гэж тодотгодог. Энэ цөөхөн жилд эдийн засаг урьд байгаагүйгээр сэргэж, малын тоо толгой эрс өссөн байдаг.  1934 оны МАХН-ын 9 дүгээр их хурал шинэ эргэлтийн бодлогын амжилтын тайлан болсон ч нөгөө утгаараа Ерөнхий сайд П.Гэндэнг буруутган унагах бэлтгэлийг хангасан хурал байлаа. Үүнээс нэг сарын дараа тэр Сталинтай ам зөрж, эв хагарчээ. Наад утга нь иргэдээ баян байлгах, цаад утга нь тусгаар улс байхын мөн чанарыг илтгэсэн “шинэ эргэлтийн бодлого” ч хүрээгээ хумьж эхлэв. 
 Оросын цэргийн ангийг Монголд байгуулахгүй
Нэг улсын хэтэрсэн нөлөөллөөс тэр болгоомжилж байлаа. “Оросын цэргийн ангийг Монголд байгуулахгүй” хэмээн бусадтайгаа ам зөрж байв. Гадаад харилцааны хувьд дундыг барьсан улс байна гэсэн байр суурийг зоригтой баримталж байсан хүн бол П.Гэндэн. Намын талаарх түүний бодол ч бусдаасаа өөр. “Нам бол улстөрийн жолоодогчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Түүнээс биш засаг төрийн ажилд хутгалдах учиргүй” гэж цаг үеэсээ давж сэтгэсэн түүний үг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, намын тухай сонгодог томъёоллын жишээ болж үлджээ. Лам нар, шарын шашны талаар барьж байсан Сталины бодлогод толгой дохиогүй цөөхөн удирдагчийн нэг бол тэр.  Лам нарыг хар болгох ажлыг зогсоож, шашны эрх чөлөөг тунхагласан алхмыг Гэндэнгийн  Засгийн газар хийж байлаа. Тэр хэдэн зуун дамжин хөгжсөн соёлоо харь гүрний сүртэй далайлтын дор гишгэчээд хаяхыг хүссэнгүй.  Нүүдлийн соёлтой  сэтгэгчдийн ухаан шингэсэн  Буддын өвөрмөц соёлоо цагийн шуурганд зүгээр л хийсгэчихье гэж бодож зүрхлэх  эх оронч байна гэж үү. 
Урвалт
1936 оны 3 дугаар сарын 11. Энэ өдөр болсон МАХН-ын төв хорооны 2 дугаар бүгд хурал хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалдаа анхаарал хандуулсангүй. Харин Гэндэнг суудлаас нь унагах их гүрний далд явуулгын хэрэгжилт болсон юм. Хамтран зүтгэж явсан нөхөд нь түүнийг арван хоногийн турш шүүмжлэв. Хэрэгжүүлсэн бодлого  бүр нь хурлын индрээс буруудлаа. Гэхдээ тэр шүүмжлэлийг дуугүй сонссонгүй. Хэрэгжүүлсэн бодлогоо зөвтгөсөн, жинтэй үг хэлж байсан нь хуралдааны протоколоос ил байдаг. Энэ хурлын дараа тэр тухайн үед хашиж байсан бүх албан тушаалаасаа халагдсан юм. Бодлогыг нь магтаж, санаа нэгтэй байсан Х.Чойбалсан хүртэл “Гэндэн ард түмэндээ хайргүй хүн” хэмээн өөлсөн тэр хурлаас хойш түүний амьдралын хар жилүүд эхэлсэн юм. П.Гэндэнг ЗХУ-д хорьж байцааж байхдаа тэвчишгүйгээр тамласан гэж түүхч, судлаачид тэмдэглэдэг. Өчнөөн сар үргэлжилсэн дуусашгүй тамлалын эцэст тэр өөрт нь тулгасан зохиомол хэргийг “хүлээсэн” байдаг. “Сүүлийн гарын үсгээ бичсэн хэвийг нь харахад  гар нь чичирч байсан нь анзаарагддаг” хэмээн зээ хүү С.Бэхбат нь дурсч байна. Түүний нэг адил хэлмэгдэн хэргээ хүлээж байсан хүмүүсийн хавтаст хэрэгт баривчлагдсан болон хэргээ хүлээсэн үеийн зургийг хамтад нь хавсаргасан байдаг бол ОХУ-ын КГБ-ын архиваас Монголд ирсэн Гэндэнгийн гэх 99 хуудаст хавтаст хэрэгт П.Гэндэнгийн хэрэг хүлээх агшны зураг байсангүй. Зургийг нь авсан гэсэн тайлбар бичиг л иржээ. Яагаад зургийг нь хуулсан юм бол?
Тэр Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, хөгжлийн тухай зөв төсөөлөлтэй, зан араншингийн хувьд “ер бусын”, цаг үеэсээ давж сэтгэсэн Ерөнхий сайд байв. П.Гэндэнгийн гэж онцлохоор давтагдашгүй өвөрмөц агшнууд  түүхийн шаргал хуудаснаа тодоос тод мөр үлдээжээ.  


No comments:

Post a Comment